Увс аймгийн ХАА-н салбарын танилцуулга боловсруулагдан гарав

Нийтэлсэн: 2019 он 06 сар 07. 06 цаг 43 минут

Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь үндсэндээ хүн амын хүнсний хэрэглээ, боловсруулах үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарын түүхий эдийн хэрэглээг хангахад чиглэгдэж байдаг.

Дэлхийн олон улс орнуудын нэгэн адил манай улсын эдийн засгийн хөгжилд хөдөө аж ахуйн салбар нь ихээхэн чухал байр эзэлдэг салбарын нэг юм. Манай аймгийн хувьд  мал аж ахуйн салбар эдийн засгийн хөгжилд чухал байр суурийг эзэлсэн хэвээр байна.

Манай улсын үндсэн хуулинд мал сүргийг үндэсний баялаг мөн гэж томьёолж, мал тооллогыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулж, үр дүнг нь макро түвшинд хийгддэг тооцоо судалгаанд ашиглаж, салбарын талаар удирдлагын шийдвэр гаргах мэдээллийн гол эх үүсвэр болгон ашиглаж байна.       

 Энэхүү танилцуулгад Увс аймгийн 2018 оны мал тооллогын дүнг нэгтгэн дүгнэснээс гадна мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, мал аж ахуйн салбарт хэрэглэж буй хашаа, худаг, тэжээлийн хүрэлцээ хангамж болон шинээр гаргасан, сэргээн засварласан худаг, уст цэг, малжуулалтын талаархи мэдээллийг тусган орууллаа.

Мөн аймгийн тариалалт, ургац хураалтын 2018 оны мэдээллийг нэгтгэн орууллаа.

Тооллогын дүнг  бүсчилсэн байдлаар Баруун, Хойд, Өмнөд, Зүүн бүс болон Улаангом гэсэн ангилаллаар  зэрэгцүүлэлт хийж гаргалаа.

2018 оны эцэст 3175.3 мянган толгой мал үүний дотор 25.1  мянган тэмээ, 123.8 мянган адуу, 182.9 мянган үхэр, 1568.0 мянган хонь, 1275.5 мянган ямаатай болж тэмээ 1.6 (6.9%) мянга, адуу 4.3 (3.6%) мянга, үхэр 6.1 (3.4%) мянга, хонь 15.9 (1.0%) мянга, ямаа 17.5 (1.4%) мянган толгойгоор таван төрөлдөө өсч, өнгөрсөн оноос нийт малын тоо 45.4 (1.5%)    мянган толгойгоор нэмэгдсэн байна.

Нийт 8.9 мянган малчин өрхийн 83.3 хувь буюу 7.4 мянга нь цахилгааны эх үүсгүүртэй байгаа ба өнгөрсөн оныхоос 0.6 мянгаар  буурчээ. 5.9 мянган өрх сансрын антентай, 6.1 мянган өрх телевизортой,  5.0 мянган өрх оёдлын машинтай байна.

Өнгөрсөн оныхоос телевизортой өрхийн тоо 102, сансрын антентай өрхийн тоо 24, оёдлын машинтай өрхийн тоо 67-оор буурсан байна. Нийт малтай өрхийн 99.9 хувь нь  гар утас хэрэглэж байна.   Аймгийн хэмжээнд 1.1 мянган худаг, 10.2 мянган хашааг мал аж ахуйд ашиглаж байна.

Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлд гарч байгаа зарим нэг өсөлт нь малын тооноос хамаарч байгаа бөгөөд цаашид нэг малын ашиг шим, чанарын үзүүлэлтэд анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ялангуяа мал аж ахуйн салбарт шинэчлэл хийж, ашиг шим өндөртэй мал өсгөж үржүүлэх, мал аж ахуйн гаралтай бүтээгдхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малыг суурин болон бэлчээрийн хосолсон маллагаанд шилжүүлэх, малчдын хөдөлмөрийг хоршуулах, бэлчээрийг усжуулахад чиглэсэн арга хэмжээ ихээхэн чухал байна.

Бэлчээрийн доройтол нь малын тоо толгойг хязгаартай байлгахыг шаардаж байна. Ялангуяа бэлчээрт халтай ямаан сүргийн тоо толгойг хязгаарлах, бог малын хувьд өсгөж үржүүлж ирсэн дээр үеийн уламжлалт харьцаа 75 : 25 хувь буюу 3 хонь, 1 ямаа гэсэн харьцаагаар  өсгөж үржүүлэхэд төрийн бодлогоор зохицуулах нь зүйтэй.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНЭ САЙТЫН "АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД" ЦЭСНИЙ "САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГУУД" дэд цэснээс үзнэ үү


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 8-р сарын 14-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1066
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1990
  Дизелийн түлш 2390
  ноолуур -